НҮБ: Бэлчээр нутгийн "амь тасарвал" уур амьсгал, хүнс тэжээлийн баталгаа, олон тэрбум хүний амьдралын чанар…
-
21 May 2024
-
Press release
-
Climate change
-
Desertification
-
Food security & agriculture
-
Sustainable Development Goals
-
- Бэлчээр нь дэлхийн гадаргуугийн 54%-ийг эзэлдэг бөгөөд үүний тэн хагас нь доройтсноор хүн төрөлхтний хүнсний хангамжийн 1/6,дэлхийн нүүрстөрөгчийг шингээгчийн 1/3 эрсдэлд орж байна.
- НҮБ-ын ЦТК-ын тайланд бэлчээрийг сэргээх, зохистой менежментийн арга замыг зааж, бэлчээрийн мал аж ахуйг хамгаалахыг уриалж байна.
Бонн/Улаанбаатар – НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци (ЦТК)-оос бэлтгэн гаргадаг Даян дэлхийн газрын төлөв байдал: Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй тайлангийн албан ёсны нээлт, танилцуулга 2024 оны 05 дугаар сарын 21 /Мягмар гараг/-д Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Тус тайлангийн нээлтийн арга хэмжээнд АНУ-ын Нью Йорк хот, ХБНГУ-ын Бонн хот, ИБУИНХУ-ын хотоос энэхүү тайланг боловсруулж, бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, судлаачид нэгэн зэрэг оролцсон бөгөөд Улаанбаатар хотоос онлайнаар нээлтийн арга хэмжээг шууд дамжууллаа.
Эх газрын ихэнх хэсгийг эзлэх, өргөн уудам, байгалийн болон тарьмал бэлчээр нь хэт ашиглалт, зүй бус хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдрал зэргээс доройтож буй нь хүн төрөлхтний хүнсний хангамжид эрсдэл учруулж, олон тэрбум хүний амьдралын чанар болон амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг энэхүү тайлан сануулж, нээлтийн үеэр НҮБ-аас онцолж байлаа.
Тус тайлангийн зохиогчид дэлхийн хэмжээнд бэлчээрийн 50% хэдийнээ доройтсон хэмээн дүгнэлтээ танилцууллаа.
Бэлчээрийн доройтлын шинж тэмдгүүдэд хөрсний үржил шим ба шимт бодисын хомсдол, элэгдэл эвдрэл, давсжилт, хүчиллэгжил, хөрс нягтрах зэрэг ургамал ургахад саад учруулах үйл явцууд хамаарна. Энэ бүгд ган, хур тунадасны хэлбэлзэл, газрын доорхи ба дээрхи биологийн олон янз байдлын хомсдол зэрэг сөрөг үзэгдлүүдийг бий болгож буй юм. Энэ асуудал хүн амын өсөлт, хот суурин газрын тэлэлтээс үүдэлтэй хүнс, эслэг, түлшний хэрэгцээ хурдацтай нэмэгдснээр бэлчээрийг тариалангийн талбай болгох, бэлчээрийн даац хэтрүүлэх, бэлчээрийг эзгүйдүүлэх болон хэт ашиглалтыг дэмжсэн бодлого зэргээс үүдэлтэй.
1. Бэлчээр гэж юу вэ?
Дэлхийн газрын бүрхэвчийн нэг анги болох бэлчээр дор гол төлөв мал болон зэрлэг амьтдын идээшлэх бэлчээр, тэжээлд ашиглагдах хээрийн экосистемийг ойлгоно. Үүнд мөн саванна, сөөгт хээр, ус намгархаг газар, тундр, цөл зэрэг олон янз экосистем багтана. Эдгээр газар нутаг нь нийт эх газрын 54%-ийг эзлэх бөгөөд дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн 1/6, эх дэлхийн нүүрстөрөгчийн шингээгчийн 1/3 -ийг бүрдүүлдэг.
НҮБ-ын ЦТК-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ибрахим Тиав “Бид ойг огтлоход эсвэл 100 жилийн настай модыг тайрч унагахыг хараад өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрдөг. Гэтэл эрт үеэс бэлчээрээр ашиглаж ирсэн газар нутгийг "чимээгүйхэн" хувирган ашиглахад хүмүүс бараг л тоодоггүй. Үүгээр ч зогсохгүй бэлчээрээс хамааралтай байж, амьжиргаагаа залгуулж ирсэн нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид үүнээс ч дор үнэлэгдэх нь бүр харамсалтай.” хэмээн ярьж байлаа. Тэрээр үргэлжлүүлэн ”Дэлхий дээр хагас тэрбум нүүдэлчин малчин байдаг ч, тэд үл тоомсорлогдож, бодлогын түвшинд дуу хоолой нь хүрдэггүйн улмаас амьжиргааны эх үүсвэрт нь шууд нөлөөлж, заримдаа бүр өөрийн нутаг орондоо харийн хүн шиг тооцогдож, гадуурхагдах нь ч бий." хэмээн хэлэв.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б. Бат-Эрдэнэ “Монголчууд бид Евроазийн хээрийн энэ уудам нутгийн өв тээгчийн хувиар бэлчээрийн соргог байдал, түүний бүтээмжийг хадгалан үлдээх, хамгаалахад үргэлж манлайлж ирсэн. Монголчуудын уламжлал нь аливаа нөөцийн хязгаарыг үнэлэн оршихуйд суурилсан байдаг ба хамтын үүрэг, хариуцлагын хүрээнд бэлчээрийн нөөц ашиглалтын үндсэн стратеги нь нүүдэллэх арга барил юм. Энэ тайлан бэлчээр ба нүүдэлчид, тэдгээрийн үнэлж баршгүй соёлын, байгаль орчны, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан үлдээхэд бүх нийтийн анхаарлыг татна гэдэгт итгэж байна. Хэрэв бэлчээр энэ олон сая хүний амьжиргааг дэмжиж чадахгүйд хүрвэл тэдэнд өөр ямар сонголт үлдэх билээ?” гэж хэллээ.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын ЦТК-ын Талуудын 17 дугаар Бага хурлыг эх орондоо зохион байгуулах бөгөөд тус жилийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын санаачилгаар Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил (БНМОЖ) болгон зарласан билээ.
Дэлхий дахинаа мал аж ахуй эрхлэгчид, малчид, фермерүүд зэрэг 2 тэрбум хүний амьжиргааний эх үүсвэр эрүүл соргог бэлчээрээс шууд хамаарч байна.
Тухайлбал, Баруун Африкийн улс орнуудын нийт хүн амын 80% нь мал аж ахуйн салбарт ажилладаг. Төв Ази болон Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 60% нь бэлчээрт ашиглагдаж бөгөөд нийт хүн амынх нь бараг 1/3 нь мал аж ахуйгаас хамааралтай аж төрж байна.
Хуурай, гандуу бүс нутагт бэлчээрийг тариалангийн газар болгон ашиглах замаар хүнсний аюулгүй байдал, газрын үржил шимийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсан нь харин ч эсрэгээр газрыг улам доройтуулж, газар тариалангийн ургац буурахад хүргэсэн гэсэн үр дүнг энэ тайланд онцолжээ.
Уг тайланд “сул, үр дүнгүй засаглал”, “хэрэгжихгүй бодлого, зохицуулалт”, “малчдын бүлгүүд болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой загваруудад хөрөнгө оруулалт дутмаг” зэрэг шалтгаануудаас бэлчээрийг улам талхалж буйг дурджээ.
2. Шинэлэг арга барил
Энэ тайланг боловсруулахад хувь нэмрээ оруулсан 40 гаруй орны 60 гаруй эрдэмтэн, шинжээчид дэлхийн хэмжээнд бэлчээрийн доройтлыг ойролцоогоор 25% хэмээн тооцсон өмнөх үнэлгээг "бэлчээрийн эрүүл байдал, бүтээмжийн алдагдлыг ихээхэн дутуу үнэлсэн" гэдгийг хүлээн зөвшөөрч, өнөөдөр бэлчээрийн доройтлыг 50%-д ч хүрсэн байж болзошгүйг анхааруулав.
Бэлчээрийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт сул, сайн судалгаа, мэдээлэл дутмаг байгаагаас бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлэхэд хүндрэл учирч байгаа нь бэлчээрийн хүнс тэжээлээр хангах, уур амьсгалыг зохицуулах үнэлж баршгүй үнэ цэнийг улам унагаж байна хэмээн тайланд дурджээ.
Тус тайланд бэлчээрийн тэнцвэрийг хангах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад шийдвэр гаргагчдад зориулсан шинэлэг арга барилыг нарийвчлан тодорхойлсон юм. Энэ арга барил нь дэлхийн бараг бүх бүс нутагт хийгдсэн судалгааны үр дүнгээр баталгаажсан ба бэлчээрийн менежментийн өмнөх амжилт, алдаанаас олсон сургамжуудыг оруулсан байна.
Мал аж ахуй үүн дотор хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ, сарлаг, лам гөрөөс болон бусад гаршуулсан өвсөн тэжээлт мал амьтад болон бизон, цаа буга зэрэг хагас тэжээвэр амьтдыг гаршуулсан олон зуун дамжин өвлөгдөн ирсэн нүүдлийн амьдралын хэв маяг болсон нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйг хадгалан үлдэхийг зөвлөжээ.
Ноён Тиав хэлэхдээ "Халуун тропикоос хүйтэн Арктик хүртэлх нүүдлийн мал аж ахуй бол бэлчээр ашиглалтын үндсэн хэлбэр бөгөөд хамгийн тогтвортойд тооцогдох тул үүнийг бэлчээрийн газар ашиглалтын төлөвлөгөөнд нэгтгэх нь хамгийн оновчтой сонголт болно" гэжээ.
3. Олон орны эдийн засгийн хөдөлгөгч хүч болно
Бэлчээр нь олон улс орны эдийн засгийн чухал хөдөлгүүр бөгөөд тэдгээрийн соёлыг мөн тодорхойлдог. Дэлхий олон янз хэлний дөрөвний нэг нь бэлчээр нутагт хэрэглэгдэх бөгөөд дэлхийн өвд бүртгэгдсэн олон дурсгалт газрууд оршихын сацуу хэдэн мянган жилийн туршид нүүдэлчдийн өв соёл, үнэ цэн, зан үйл, ондоошлыг тодорхойлж ирсэн.
Энэхүү тайланд улс орон, бүс нутаг бүрээр бэлчээрийн асуудлыг нарийвчилан шинжилж оруулжээ.
Жишээ нь, мал аж ахуйн үйлдвэрлэл нь Этиопын ДНБ-ий 19%, Энэтхэгийн 4%-ийг бүрдүүлдэг. Дэлхийн үхрийн махны 16%-ийг нийлүүлдэг Бразилд хөдөө аж ахуйн ДНБ-ий 1/3-ийг зөвхөн үхрийн аж ахуй бүрдүүлдэг ажээ.
Европын хувьд бэлчээрийн ихэнхи нутгийг хотжилт, ойжуулалт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд зориулан өөрчилсөн байдаг.
АНУ-д их хэмжээний бэлчээрийг тариалангийн талбай болгон хувиргасан бол Канадын зарим бэлчээр нутагт уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлснээр эмзэг, дорой болжээ. Нөгөө талаас бэлчээрийн соргог байдал болоод хүн амын хүнсний аюулгүй байдлыг дэмжих зорилгоор нутгийн уугуул иргэдийн өв соёлд чухал ач холбогдол бүхий бизоныг нутагшуулах ажил дээр дурдсан хоёр улсад хийж байгаа зэрэг нь эерэг үр дүнгээ өгч байна.
4. Бэлчээрийн доройтолд хамгийн ихээр өртсөн дэлхийн бүс нутгуудыг дарааллаар эрэмбэлвэл:
Төв Ази, Хятад, Монгол
Малыг хувьчилж, ХАА-г эрчимжүүлснээр МАА-н хяналт, удирдлага дахь төрийн оролцоо буурч, байгалийн хязгаарлагдмал нөөцөөс хараат байдал нэмэгдэж бэлчээрийг ихээхэн доройтуулсан.
Сүүлийн үед орон нутгийн иргэдэд түшиглэсэн уламжлалт нүүдлийн мал аж ахуйг аажмаар сэргээж буй нь бэлчээрийн тогтвортой менежментэд чухал ахиц гаргаж байна.
Хойд Африк ба Ойрх Дорнод
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хамгийн хуурай бүс нутгийн нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг ядуурал руу түлхэж, тэдний амьжиргааны эх үүсвэр болсон бэлчээр эрчимтэй доройтож байна.
Нэн шаардлагатай үед малын тэжээлийн нөөцөөр хангах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх чиглэлээр ажилладаг Агдалс зэрэг уламжлалт институт шинэчлэгдэж, малчдыг дэмжих шинэ бодлогыг хэрэгжүүлснээр бэлчээрийн менежментийг энэ бүс нутагт сайжруулж байна.
Сахел ба Баруун Африк
Бүс нутгийн мөргөлдөөн, хүчний тэнцвэргүй байдал, хилийн асуудал зэрэг нь малчдын нүүдэллэх орон зайг хязгаарлаж, бэлчээрийн доройтолд хүргэж байна.
Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн эрхийг нэгдсэн бодлогоор хүлээн зөвшөөрч, хил дамнасан гэрээ хэлэлцээр байгуулах замаар малчдын нүүдэллэх хөдөлгөөнийг сэргээж байгаа нь ландшафтын нөхөн сэргээлтэд чухал ач холбогдол үзүүлж байна.
Өмнөд Америк
Уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн үйлдвэржилтээс үүдэлтэй ойн хомсдол, олборлох үйл ажиллагааны тэлэлт болон газар ашиглалтыг өөрчлөх зэрэг нь Өмнөд Америкийн бэлчээрийн доройтлын гол хүчин зүйлс болж байна.
Нүүдлийн мал аж ахуйн олон янз тогтолцоог зэрэгцүүлэн хөгжүүлэх нь Пампа, Серрадо, Каатинг саванна, Андын Пун зэрэг дэлхий дээрх хамгийн өвөрмөц бэлчээрийн тогтолцоог сэргээхэд гол ач холбогдолтой аж.
Зүүн Африк
Шилжилт хөдөлгөөн, албадан нүүлгэн шилжүүлэлтээс үүдэж газар нутгийг янз бүрийн зорилгоор өрсөж ашиглах (ан агнуур, аялал жуулчлал гэх мэт) нь нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг орон нутгаас нь дайжихад хүргэж, урьдчилан тооцоолоогүй бэлчээрийн доройтолд хүргэж байна.
Эмэгтэйчүүдийн манлайлсан санаачилгууд, малчдын эдэлбэр газрын эрхийг сайжруулах нь нүүдэлчдийн амьжиргааг баталгаажуулж, биологийн олон янз байдлыг хамгаалан, бэлчээрийн экосистемийн өгөөжийг тогтворжуулж байна.
Хойд Америк
Өнө эртний бэлчээрийн болон хуурай хээрийн бэлчээрийн доройтол нь өндөр өвст хээр, өмнөдийн цөлийн хээр зэрэг Хойд Америкийн алдартай экосистем, түүний биологийн олон янз байдалд заналхийлж байна.
Уугуул иргэдийг бэлчээрийн засаглалд оролцуулах нь эдгээр түүхт ландшафтыг сэргээхэд чухал алхам үзүүлэх юм.
Европ
Эрчимжсэн фермерийн аж ахуйг бэлчээрийн мал аж ахуйгаас илүү дэмжсэн бодлого, зохисгүй урамшуулал тэтгэмж нь бэлчээр болон бусад нээлттэй экосистемийг орхигдуулж, доройтоход нөлөөлж байна.
Улс төр, эдийн засгийн дэмжлэг, ялангуяа, хууль эрх зүйн орчны зохицуулалт нь зөв гольдролд оруулж, улам бүр нэмэгдэж буй ой хээрийн түймэр, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж, эрчийг бууруулахад тусална хэмээн үзэж байна.
Өмнөд Африк ба Австрали
Ойжуулалт, уул уурхай, бусад зорилгоор бэлчээрийг өөрчлөн ашиглаж буй нь бэлчээрийн доройтол, хомсдолд хүргэж байна.
Үйлдвэрлэгч болон судлаачдын нэгдсэн мэдлэг, уугуул иргэдийн уламжлалт аж ахуйн ухааныг хүндэтгэх, зохистой ашиглах нь бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах чухал ач холбогдолтой.
5. Үзэл баримтлалын өөрчлөлт
Бэлчээрийн доройтлыг зогсооход орон нутгийн анхан шатнаас дэлхийн хэмжээнд хүртэл бүхий л түвшинд үзэл баримтлалын өөрчлөлт хийх шаардлагатай гэж тайланд дүгнэжээ.
Тайлан боловсруулах багийн ахлах Педро Мария Херрера Калво "Хамтын үйл ажиллагааг дэмжсэн, газрын хүртээмжийг сайжруулсан, уламжлалт мэдлэг, арга туршлагыг нэгтгэсэн бэлчээрийн хариуцлагатай засаглалыг бүрдүүлэх түлхүүр нь бүх оролцогч талуудын оролцоо юм" хэмээв.
“Газрын доройтлыг саармагжуулах” (Тогтвортой хөгжлийн зорилт 15.3) зорилтод хүрэх, экосистемийн үр өгөөж болон хүнсний аюулгүй байдлын суурь болох эрүүл соргог газрын гадаргын хэмжээ, чанарын тэнцвэрийг хангахад хил дамнасан хамтын ажиллагаа чухал ажээ.
Экосистемтэй харилцан уялдаатай амьдрах ухаанд олон үе дамнан туршлага хуримтлуулан ирсэн нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид бэлчээр сэргээх, хамгаалах үйл явцын нэг хэсэг байх ёстой бөгөөд төлөвлөхөөс эхлээд шийдвэр гаргах, засаглалын бүхий л үе шатанд оролцох ёстой хэмээн тайланд тэмдэглэжээ.
Бэлчээрийн доройтлыг тэглэх шийдэл нь Баруун Африк, Энэтхэг эсвэл Өмнөд Америкт байдаг шиг хуурайгаас, чийглэг зэрэг бэлчээрийн олон янз онцлог, тэдгээрийн нөхцөл байдалд тохирсон байх ёстой.
Уламжлалт үнэлгээний арга зүй нь бэлчээрийн болон бэлчээрийн аж ахуйн эдийн засгийн бодит хувь нэмрийг ихэвчлэн дутуу үнэлдэг болохыг тайланд цохон тэмдэглэж, шинэлэг арга барил шаардлагатайг онцолжээ.
6. Тайлангийн үндсэн зөвлөмжид дараах асуудлыг онцолж байна:
- Бэлчээр болон түүнээс хамаарах нийгмийн бүлгүүдийн дасан зохицох чадавхыг сайжруулах, бэлчээрийн нүүрстөрөгч хуримтлуулах, хадгалах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрийн тогтвортой байдлын төлөвлөгөө хөтөлбөрт уур амьсгалын нөлөөг бууруулах ба түүнд дасан зохицох арга хэмжээг тусгах.
- Бэлчээрийн олон янз байдал, олон талт функцийг бууруулах газрын зохисгүй ашиглалт, тэр дундаа уугуул иргэд, уламжлалт ба нийтийн эзэмшлийн газарт бэлчээрийг хувиргахн ашиглах аливаа үйл ажиллагааг бууруулах ба ийм нөлөөллөөс зайлсхийх.
· Газрын гадарга дээрх болон доорхи биологийн олон янз байдлын хамгаалалтыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийн дотор болон гадна бэлчээрийг хамгаалах төлөвлөгөө бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, үүний зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж, зохистой байдал, амьдрах чадварыг нэмэгдүүлэх;
- Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даацын хэтрэлт, хөрсний доройтол, харь зүйлийн түрэмгийлэл, ган ба түймэр зэрэг бэлчээрийг доройтолд хүргэх байгалийн ба хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн нүүдлийн мал аж ахуйн арга хэлбэрт суурилсан стратеги боловсруулах, дэмжих ба хэрэгжүүлэх .
· Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, үнэлэх зорилгоор бодлогын дэмжлэг үзүүлэх, бүх нийтийн оролцоог хангах, уян хатан менежментийн ба засаглалын тогтолцоог бүрдүүлэх.
7. Онцлох тоо, баримт
- Дэлхийн газрын гадаргын 54% гаруйг буюу 80 сая кв.км газар нутгийг бэлчээр эзлэдэг
- Дэлхий даяар хамгаалалтад авсан бэлчээрийн талбай 9.5 сая кв.км буюу нийт бэлчээрийн 12%
- 67 сая кв.км (Дэлхийн хуурай газрын 45%, бэлчээр нутгийн 84%) бэлчээрийн газрыг мал аж ахуйн үйлдвэрлэлд ашигладгаас бараг тал нь хуурай гандуу нутаг байдаг. Мал аж ахуй нь ядуурлын босгоос доогуур түвшинд амьдарч буй хөгжиж буй орнуудын 1.2 тэрбум гаруй хүн амын хүнсний баталгаат байдлыг хангаж, орлогын эх үүсвэр нь болдог.
- 00 гаруй орны малчид 1 тэрбум мал маллаж, 200 сая өрхийн амьжиргааг дэмжиж, дэлхийн махны хэрэгцээний 10% орчмыг хангахын зэрэгцээ сүү, ноос, арьс ширэн бүтээгдэхүүн нийлүүлж байна.
- Дэлхийн биологийн олон янз байдалд чухал газруудын 33% бэлчээрт ногдоно
- Дэлхийн хэлний 24% нь бэлчээр нутагт үүссэн
- Сахарын Арфрикт нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй 5000 жилийн өмнөөс бие даасан газар ашиглалтын тогтолцоо болон хөгжсөн.
Бүс нутгийн чанартай тоо, баримт
- Латин Америкийн үхрийн аж үйлдвэрлэл дэлхийн үхрийн махны 25%, сүүний 10%-ийг дангаар нийлүүлж байна.
- Буркина Фасо, Мали, Мавритани, Нигер, Чадын ДНБ-ийн 25-аас дээш хувийг мал аж ахуйн үйлдвэрлэл эзлэж байна.
- Ойрхи Дорнод болон Хойд Африкийн бүс нутгийн 50% гаруй нь доройтсонд тооцогдоно (тариалангийн газрын 25%)
- Төв Ази болон Монголд бэлчээрийн зориулалтаар нийт газрын 60% ашиглаж, хүн амын 1/3 нь мал аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж байна.
- БНХАУ-ын нутаг дэвсгэрийн 40%-ийг бэлчээр эзлэнэ (1980-2010 оны хооронд нийт малын тоо гурав дахин нэмэгдэж, 441 сая мал болсныг тэмдэглэх нь зүйтэй)
- АНУ-ын үндсэн нутаг дэвсгэрийн 308 сая га-г бэлчээр эзлэх ба нийт газар нутгийн 31% буюу бэлчээрийн газрын 55% нь хувийн өмчид харьяалагддаг.
8. Зарим сэтгэгдэл
“Бэлчээрээс авах идэш тэжээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал нь хэт бэлчээрлэлт, харь зүйлийн түрэмгийлэл, ган гачиг, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэхэд хүргэх бөгөөд энэ бүгд дэлхийн хэмжээнд цөлжилт, газрын доройтлыг хурдасгаж байна.”
“Бэлчээрийг зүй зохисгүй ашиглалт руу хувиргах явдлыг таслан зогсоох, газрын тогтвортой менежментийг дэмжих бодлогыг сурталчлах, бэлчээрийн болон нүүдэлч малчдын талаарх ойлголтыг сайжруулахад чиглэсэн судалгаанд хөрөнгө оруулалт хийх, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард иргэдийн тогтвортой, зохистой үйл ажиллагааг хадгалахын зэрэгцээ өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд оршин байх арга хэрэгслийг эзэмшихэд нь туслах, цаашид бэлчээрийн доройтлыг үр дүнтэйгээр бууруулах, газар нутаг, нийгэм, соёлоо хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь бүх оролцогч талууд, ялангуяа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдыг дэмжих зэргээр бид хамтын хүсэл эрмэлзэлээ бодит ажил болгох ёстой."
- Марьям Ниамир-Фуллер, НҮБ-аас зарласан Бэлчээр, нүүдэлч малчдын олон улсын жил – 2026 Олон улсын дэмжлэг үзүүлэх бүлгийн дарга
“Ирээдүй хойч үе болон эдийн засгийн тогтвортой байдлын төлөө бид бэлчээрийн талаарх ойлголтыг сайжруулж, асар их үнэ цэнийг нь хамгаалах хэрэгтэй. Бэлчээрийн динамик шинж чанарыг иш болговол бэлчээрийн доройтол эдийн засаг, экологи, нийгэмд үчруулж болох үр дагаварыг урьдчилан таамаглахад бэрх. Менежерүүдэд бэлчээрийн доройтлын янз бүрийн хэлбэрт үзүүлэх хариу үйлдэлийг тодорхойлсон, бэлчээрийн нийгэмд үзүүлэх ач холбогдолыг илүү өргөн харуулсан улс төрийн хөшүүрэг бүхий удирдлагын арга барил бүхий нэр хүндтэй тайлан сэлт хэрэгтэй байна.”
- Карлос Мануэль Родригес, Дэлхийн байгаль орчны сангийн тэргүүн, Гүйцэтгэх захирал,
“Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувь нь бэлчээрийн газар боловч эдгээр ландшафт, тэнд амьдарч, менежментийг эрхэлж буй хүмүүсийг үл тоомсорлосоор байна. Бэлчээр нь хүн төрөлхтний хүнс тэжээлийн гол эх үүсвэр хэдий ч дэлхийн эдийн засгийн хувьд хогийн цэг нь болж хувирсан. Одоо "бэлчээрийн асуудал"-аас "бэлчээрийн тогтвортой шийдэл" рүү шилжих цаг нэгэнт болжээ."
- НҮБ-ын Олон улсын бэлчээр, нүүдэлч малчдын жилийн ажлын хэсэг
“Нүүдэлч малчид дэлхийн хамгийн хатуу ширүүн нөхцөлд хүнс үйлдвэрлэж, бэлчээрийн мал аж ахуй нь дэлхийн газар нутгийн бараг тэн хагасыг эдэрбэрлэн амьдарч буй хөдөөгийн хүн амын амьжиргааг тэтгэж байна. Тэднийг хэзээнээс дутуу ойлгож, гадуурхаж, яриа хэлэлцээнд оруулахгүй хол хөндий байлган хохироож ирсэн. Бид нүүдэлч малчид болон тэдэнтэй хамтран ажилладаг гол тоглогчдын оролцуулж, яриа хэлэлцээ хийх холбоо үүсгэж, нүүдэлч малчдын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.”
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)
* * * * *
9. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тухай
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) нь газрыг зөв зохистой ашиглах тухай олон улсын хэлэлцээ юм. Энэ конвенц нь газрын тогтвортой менежментийн таатай орчинг бүрдүүлэх замаар хувь хүн, олон нийт, улс орнуудад баялаг бүтээж, эдийн засгаа өсгөж, хангалттай хүнс тэжээл, цэвэр ус, эрчим хүчийг нийлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Конвенцийн гишүүн 197 орны түншлэлийн дүнд ган гачгийг шуурхай, үр дүнтэй зохицуулах найдвартай тогтолцоог бий болгосон. Шинжлэх ухаанч, оновчтой бодлогод суурилсан газрын нөөцийн зөв удирдлага нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг гүйцэлдүүлэх үйл явцыг нэгтгэж, хурдасгаж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бий болгон биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлнэ.
10. Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн тухай
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас бэлчээрийн менежментийг сайжруулах, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн амьжиргааг дэмжих зорилгоор 2026 оныг “Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP 2026) болгон зарласан. Энэхүү тунхаглалаар НҮБ-ын гишүүн орнууд бэлчээрийн тогтвортой менежментэд хөрөнгө оруулалт хийх, доройтсон газрыг нөхөн сэргээх, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, мал үржлийн үйлчилгээг сайжруулах, бэлчээрийн болон нүүдэлчдийн талаарх мэдлэгийг сайжруулахад уриалж байгаа юм. 2026 оны Олон Улсын жил нь Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралтай давхцаж байгаагаараа онцлог юм.