Газрын нөхөн сэргээлт, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх дэлхийн үйл ажиллагааг эрчимжүүлэх НҮБ-ын бага хурал Монгол…
-
17 August 2026
-
Press release
Газрын доройтол, ган, усны хомсдол нь хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжилд улам бүр эрсдэл учруулж буй энэ үед UNCCD COP17 нь эрүүл, үржил шимт газрыг хүний сайн сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтийн үндэс хэмээн онцлон авч үзнэ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал 197 Тал, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага, хувийн хэвшил болон газрын нөөцийг хамгаалан ашиглагчдыг төлөөлсөн төлөөлөгчид 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулна.
Газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь COP17 -ын тэргүүлэх зорилтуудын нэг байна.
Улс орнуудын Засгийн газрууд ган гачигт тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, тогтвортой хөдөө аж ахуй, хөрс хамгаалал, газрын нөхөн сэргээлт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой шийдвэр гаргаж, ахиц дэвшилд хүрэхээр ажиллаж байна.
Улаанбаатар хот, Монгол Улс, 2026 оны 8 дугаар сарын 17
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын Бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийж, 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчид хуран чууллаа.
Ирэх хоёр долоо хоногт Засгийн газрууд, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид болон иргэний нийгмийн байгууллагууд газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бодит шийдлүүдийг хэрэгжүүлэх, шинэ түншлэл бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Үүний зэрэгцээ Талууд ган, бэлчээрийн тогтвортой менежмент, хөдөө аж ахуйн газар, хөрс хамгаалал, санхүүжилт болон нөөцийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх, мөн Конвенцын цаашдын стратегийн чиглэлийг тодорхойлох асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргана.
Улс орнууд газрын доройтол, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэж буй эрсдэлтэй тулгарч буй энэ үед UNCCD-ийн COP17 -оос гарах шийдвэр, түншлэл, санаачилгууд нь ирэх жилүүдэд газрын тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.
Газрын доройтол, ган, цөлжилт нь дэлхийн эдийн засагт жил бүр ойролцоогоор 900 тэрбум ам.долларын хохирол учруулж, дэлхийн нийт газрын 40 хүртэлх хувь, 3.2 тэрбум хүний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. 2000 оноос хойш гангийн давтамж гуравны нэг орчмоор нэмэгдэж, өдгөө жил бүр дор хаяж 300 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулж байна.
2026 онд болох Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлуудаас хамгийн түрүүнд, биологийн олон янз байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн COP-уудаас өмнө зохион байгуулагдаж буй COP17 нь Риогийн конвенцуудын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал боломж юм. Түүнчлэн газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнс, усны аюулгүй байдлын харилцан уялдаатай сорилтуудыг шийдвэрлэх, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бодит үйл ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: “COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм.
Тиймээс Монгол Улс энэ бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна.
Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье.
Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая.
Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё.
Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая.
Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая.
Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе.”
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хэлэхдээ: “Газрын доройтол, ган цөлжилт нь алс холын байгаль орчны асуудал байхаа хэдийнэ больсон. Эдгээр нь бидний үйлдвэрлэж буй хүнс, амьдралын эх ус, эдийн засгийн тэсвэрлэх чадавх, иргэдийн аюулгүй ирээдүйгээ бүтээх боломжид шууд нөлөөлж байна. Эрүүл газар бол эрүүл хүнсний тогтолцоо, тэсвэртэй эдийн засаг, тогтвортой нийгмийн үндэс юм.
Тиймээс COP17 хэрэгжилтэд чиглэх ёстой. Дэлхийд шийдэл дутагдаагүй, харин тэдгээрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь гол сорилт болж байна. Улаанбаатар хотод амлалтаас газар дээрх бодит, хэмжигдэхүйц үр дүнд шилжихэд шаардлагатай улс төрийн манлайлал, хөрөнгө оруулалт, түншлэлийг дайчлах ёстой. Газрыг нөхөн сэргээх нь зөвхөн байгаль орчны өмнө хүлээсэн үүрэг биш, харин хүн, тогтвортой байдал, тэсвэрлэх чадавхад хийж буй хөрөнгө оруулалт юм.
Олон талт хамтын ажиллагаа сорилттой тулгарч буй энэ үед COP17 нь улс орнууд хамтран ажиллаж, хүмүүсийн амьдралыг сайжруулах бодит шийдлүүдийг хэрэгжүүлж чадна гэдгийг харуулах боломж мөн. Бидний амжилтыг зөвхөн гаргасан шийдвэрээр бус, тэдгээр шийдвэр нь дэлхийн улс орнуудын иргэд, эдийн засаг, газар нутагт ямар бодит өөрчлөлт авчирснаар хэмжинэ. Түүнчлэн газрын доройтлоос урьдчилан сэргийлэхийн тулд газрын асуудлыг хөгжлийн шинэ салбаруудын бодлого, үйл ажиллагаанд хэр зэрэг тусган хэрэгжүүлж чадсанаар бидний амжилт хэмжигдэх болно.”
Монгол Улсын Гадаад харилцааны сайд, UNCCD COP17-ын Ерөнхийлөгч Б.Батцэцэг хэлэхдээ: “Монгол Улсын хувьд газар нутаг бол ард түмэн, амьжиргаа, ирээдүйгээс маань салшгүй зүйл. Нүүдлийн мал аж ахуй нийгэм, эдийн засгийн амьдралын салшгүй хэсэг хэвээр байгаа манай орны хувьд газрын доройтол, ган, зуд нь иргэд, олон нийтийн амьдралд улам бүр эрсдэл учруулж байна. Тиймээс газрын эрүүл байдал нь хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдгийг бид сайн мэднэ.
COP17-ыг эх орондоо зохион байгуулах нь бидний хувьд хариуцлага төдийгүй хуурай бүс нутгийн улс орнууд болон бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг иргэд, олон нийтийн туршлага, дуу хоолойг дэлхийн хэлэлцүүлгийн төвд авчрах боломж юм. Монгол Улс бүх Талуудтай хамтран Улаанбаатарыг улс орнууд эрүүл газар, илүү тэсвэртэй бэлчээр, түүнээс амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн илүү баталгаатай ирээдүйн төлөө бодит шийдлүүдийн хүрээнд нэгдэн ажиллах талбар болгохын төлөө ажиллана.”
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, UNCCD COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ: "Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангаж, дэлхийн улс орнуудын төлөөлөгчид, зочдоо хүлээн авч байна.
Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчин төдийгүй хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн амьжиргаатай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт болоод байна. Иймээс COP17 нь улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, бодит шийдэлд хүрэх чухал индэр байх болно.
Монгол Улс зохион байгуулагч орны хувьд харилцан ойлголцол, зөвшилцөлд суурилсан яриа хэлэлцээг дэмжиж, бүх талын оролцоог хангахад анхаарч ажиллана.
COP17-ын үр дүн зөвхөн баримт бичгээр хязгаарлагдах бус, газрын доройтлыг бууруулах, бэлчээр, хөрсөө хамгаалах, цөлжилттэй тэмцэх бодит ажил, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд шилжих учиртай. Үүнд төр, хувийн хэвшил, олон улсын болон санхүүгийн байгууллагуудын оролцоо чухал.
COP17 нь улс орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, дэлхийн хүчин чармайлтыг эрчимжүүлэх чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна.
Ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх
Эр-Рияд хотноо болсон COP16-ын ахиц дэвшилд тулгуурлан COP17-ын үеэр Засгийн газрууд гангийн талаарх дэлхийн бодлогын хүрээний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ улс орнуудын гангийн төлөвлөгөөг бодит үйл ажиллагаа болгоход шаардлагатай арга хэрэгсэл, түншлэл, санхүүжилтийн механизмыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Талууд гангийн бэлэн байдлыг сайжруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, эмзэг байдлын үнэлгээг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хэлэлцэнэ.
Өнөөдрийн байдлаар 70 гаруй улс гангийн төлөвлөгөө боловсруулаад байна. 2013 онд ердөө гуравхан улс ийм төлөвлөгөөтэй байсантай харьцуулахад энэ нь мэдэгдэхүйц ахиц бөгөөд ганг хүмүүнлэгийн болон эдийн засгийн хямрал болсны дараа бус, урьдчилан сэргийлэх зарчмаар удирдах шаардлагатай гэсэн ойлголт дэлхий нийтэд бэхжиж буйг харуулж байна.
Ганд тэсвэрлэх чадавхад оруулсан нэг ам.доллар тутмын хөрөнгө оруулалт 10 ам.доллар хүртэлх өгөөж бий болгодог бөгөөд байгальд суурилсан зарим шийдэл нь зарцуулсан зардлаасаа 27 дахин их үр өгөөж өгдөг. COP17-ын үеэр улс орнуудын гангийн бэлэн байдал, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ арга хэрэгсэл, түншлэлүүдийг танилцуулна. Үүнд Эр-Риядын Ганд тэсвэрлэх чадавхын дэлхийн түншлэл, Ганд тэсвэрлэх чадавхын хөрөнгө оруулалтын сан, Олон улсын ганд тэсвэрлэх чадавхын ажиглалтын төв болон бусад холбогдох хөтөлбөр, төслийн хүрээнд шинээр зарлах арга хэмжээ, санаачилгууд багтана.
Олон тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүүг нөхөх
Газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхад чиглэсэн төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь COP17-ын тэргүүлэх зорилтуудын нэг байна. Газрын доройтол, гантай тэмцэхэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.доллар шаардлагатай ч одоогийн хөрөнгө оруулалт ердөө 77 тэрбум ам.доллар орчим . Энэ нь жил бүр 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүү үүсгэж байна гэсэн үг. Эрүүл газар найдвартай усан хангамжаас ихээхэн хамааралтай ч дэлхийн газрын нөхөн сэргээлт, ган гачигт тэсвэрлэх чадавхын санхүүжилтийн ердөө зургаан орчим хувийг хувийн хэвшил одоогоор бүрдүүлж байна. Төрийн эх үүсвэр дангаараа энэ зөрүүг нөхөх боломж хязгаарлагдмал тул засгийн газрууд, хөгжлийн банкууд, бизнесүүд, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай. COP17 нь санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг нээх, газрын тогтвортой менежментийн урамшууллыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, бүс нутгийн болон үндэсний түвшинд өгсөн одоогийн амлалтуудыг үр дүнтэй ашиглах шинэ арга хэрэгслийг хэлэлцэх замаар төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхын зорилготой илүү сайн уялдуулах арга замыг судална. Мөн газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхад хувийн хэвшлийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэх зорилготой Business4Land зэрэг санаачилгын ахиц дэвшлийг танилцуулна.
8 дугаар сарын 24-нд болох Business for Land Forum нь нөхөн сэргэх ландшафтад чиглэсэн хувийн хэвшлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр засгийн газар, бизнес, хөрөнгө оруулагчдыг нэгтгэнэ. Нөхөн сэргэх ландшафтын үйл ажиллагааны хөтөлбөрт оролцогч байгууллагууд 210 сая гаруй га талбайд 9 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулах үүрэг амлалт хэдийнэ авсан бөгөөд нэмэлт хөрөнгө оруулалтыг нээхэд чиглэсэн бодлогын шинэ зөвлөмжүүдийг COP17-д танилцуулна.
Бэлчээрийн асуудал хэлэлцүүлгийн төвд
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд зохион байгуулагдах COP17 нь дэлхийн хамгийн өргөн тархсан атлаа анхаарлын гадна үлддэг экосистемүүдийн нэг болох бэлчээрийг олон улсын хэлэлцүүлгийн төвд авчирна.
Бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмждэг бөгөөд тэдний дунд бэлчээрийг олон мянган жилийн турш хамгаалан ашиглаж ирсэн 500 сая орчим малчин бий. Бэлчээр нь дэлхийн хүнсний зургааны нэгийг үйлдвэрлэж, малын тэжээлийн 70 орчим хувийг хангадаг. Бэлчээр нь зөвхөн мал бэлчээх газар бус, дэлхийн хуурай бүс нутгийн хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадавх, амьжиргааны үндэс болсон стратегийн экосистем юм. Гэвч дэлхийн бэлчээрийн тал хүртэлх хувь нь хэдийн доройтсон, эсвэл эрсдэлд орсон бөгөөд 78 хувь нь ган, уур амьсгалын өөрчлөлт, газрын тогтворгүй ашиглалтын дарамт нэмэгдэж буй хуурай бүс нутагт оршдог.
Засгийн газрууд бэлчээр болон малчдын талаарх бодлогын шинэ хүрээг хэлэлцэж, бэлчээрийн тогтвортой менежментэд урт хугацааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг бэхжүүлэх зорилготой дэлхийн түншлэл болох Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг эхлүүлэх төлөвтэй байна.
COP17-ын нээлт нь Евразийг дамнан олон улсаар аялж, засгийн газар, эрдэмтэд, малчид, орон нутгийн иргэд, залуучуудыг нэгтгэн мэдлэг солилцож, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын бодит арга туршлагыг танилцуулсан UNCCD-ийн “Торгоны замын жингийн цуваа”-ны аялал өндөрлөж буйг илэрхийлнэ. Түүхэн Торгоны замын дагуу аялсан цуваа нөхөн сэргээлтийн төслүүд болон малчин нийгэмлэгүүдээр зочилж, доройтсон газрыг сэргээж буй хүмүүсийн туршлага, бодит шийдлүүдийг онцолсон. COP17-ын өмнө Монгол Улсад ирсэн нь орон нутгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотноо эхлэх дэлхийн хэлэлцээтэй бэлгэдлийн хувьд холбож, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн тэргүүлэх санаачилгуудын нэг болж байна.
Эр-Риядаас Улаанбаатар хүртэл
COP17 нь Эр-Рияд хотноо болсон COP16-ын үр дүн болон түүнээс хойш ганд тэсвэрлэх чадавх, газрын тогтвортой менежмент, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцооны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хэрэгжүүлсэн ажлуудад тулгуурлана.
Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн Байгаль орчны дэд сайд, UNCCD COP16-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Осама Факеха хэлэхдээ: “Эр-Рияд хотноо болсон COP16 нь газрын доройтол, гантай тэмцэх талаарх дэлхий нийтийн ойлголт, үйл ажиллагааны эрмэлзэлд түүхэн эргэлтийн цэг болсон. Дэлхий нийт Эр-Риядаас зөвхөн илүү олон амлалттай бус, илүү өргөн түншлэл, илүү их хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны илүү хүчтэй эрчтэй гарсан.
Эр-Риядын үйл ажиллагааны хөтөлбөр COP16-ын үеэр 35 санаачилгатай эхэлж байсан бол өдгөө 100 гаруй санаачилгыг хамарч байна. Эр-Риядын Ганд тэсвэрлэх чадавхын дэлхийн түншлэлээр дамжуулан ганд урьдчилан бэлтгэж, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх илүү хүчтэй амлалт, Business for Land санаачилгаар дамжуулан хувийн хэвшлийн илүү өргөн оролцоог бий болгож чадлаа.Эдгээр түншлэлийн хүрээнд бид зорилго, амлалтыг бодит хэрэгжилт болгохын төлөө Засгийн газрууд, санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийг нэгтгэсэн дэлхийн хамтын ажиллагааг бий болгосон. COP-ын Ерөнхийлөгчийн үүргийг Монгол Улсад шилжүүлэхдээ бид COP17-ын Ерөнхийлөгч болон бүх түнштэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, COP16-аар бий болсон дэлхийн эрч хүчийг хадгалж, улам нэмэгдүүлэн илүү сайн ирээдүйг бүтээх болно.”
Ган, бэлчээрийн асуудлаас гадна Засгийн газрууд Конвенцын ирээдүйн стратегийн хүрээ, хөдөө аж ахуйн газар болон хөрсний талаарх шинжлэх ухааны зөвлөмж, уугуул болон орон нутгийн иргэд, залуучууд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн конвенцуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, Конвенцын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэнэ.
Хэлэлцээнээс бодит үйл ажиллагаанд:
Албан ёсны хэлэлцээний зэрэгцээ COP17-ын үйл ажиллагааны хөтөлбөр нь Засгийн газрууд, олон улсын түншүүд, санхүүгийн байгууллагууд, бизнесүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, уугуул иргэд, малчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудыг нэгтгэнэ. Энэ хүрээнд бодит шийдлүүдийг танилцуулах, шинэ санаачилга эхлүүлэх, газар дээрх үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн түншлэлийг бий болгоно.
Бага хурлын хоёр дахь долоо хоногт зохион байгуулагдах дөрвөн сэдэвчилсэн өдөр нь хэлэлцээг өндөр түвшний яриа хэлэлцээ, бодит үйл ажиллагаатай уялдуулна.
Санхүүгийн өдөр (8 дугаар сарын 24): Газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
Усны өдөр (8 дугаар сарын 25): Ганд тэсвэрлэх чадавх болон газар-усны харилцан хамаарлын чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Газар ба хүн төвт өдөр (8 дугаар сарын 26): Газрыг нөхөн сэргээх, тогтвортой удирдахад малчид, уугуул иргэд, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын үүргийг онцлох.
Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр (8 дугаар сарын 27): Хүнсний аюулгүй байдал, тэсвэртэй амьжиргааг бэхжүүлэхийн тулд эрүүл хөрс, тогтвортой хүнсний тогтолцоог дэмжих.
Бага хурлын өндөр түвшний хэсэгт ганд тэсвэрлэх чадавх, бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилт, хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн ба аюулгүй байдал, элс, шороон шуурга, хувийн хэвшлийн оролцооны асуудлаарх сайд нарын яриа хэлэлцээ болон тусгай арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
COP17-ын үеэр UNCCD-ийн уугуул иргэдийн бүлэг болон орон нутгийн иргэдийн бүлгийн анхны албан ёсны хуралдаан, мөн Business4Land форум, Залуучуудын форум, Жендерийн бүлгийн уулзалтууд зохион байгуулагдаж, Засгийн газрууд болон оролцогч талуудын хооронд яриа хэлэлцээ өрнүүлэх, шинэ түншлэл бий болгох боломжийг бүрдүүлнэ. COP17-ын хүрээнд Парламентчдын форум болон Хотын дарга нарын форум мөн болно.Бага хурлын үеэр шинжлэх ухаан, бодлогын хэд хэдэн томоохон бүтээлийг танилцуулна. Үүнд:
8 дугаар сарын 24: “Бэлчээрийн нөхөн сэргээлтийн эдийн засаг”
8 дугаар сарын 25: “Цөлжиж буй дэлхий: Гангийн тоон үзүүлэлт 2026”
8 дугаар сарын 26: “Жижиг арлын хөгжиж буй орнуудын газрын төлөв байдлын дэлхийн тойм”
8 дугаар сарын 26: “Газрын төлөв байдлын дэлхийн тойм: Төв Азийн сэдэвчилсэн тайлан”
8 дугаар сарын 27: “Хөрсний эрүүл мэнд: Бидний суурьт хөрөнгө оруулах бизнесийн үндэслэл”
СОР17 8 дугаар сарын 28-нд өндөрлөж, Талууд ирэх жилүүдэд Конвенцын үйл ажиллагааг чиглүүлэх, газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхын төлөөх дэлхийн үйл ажиллагааны дараагийн үе шатыг тодорхойлох шийдвэрүүдийг батлах төлөвтэй байна.
Редакторуудад зориулсан тэмдэглэл
Хэвлэл мэдээллийн лавлагаа болон ярилцлагын хүсэлт
UNCCD Хэвлэлийн алба: press [at] unccd.int (press[at]unccd[dot]int)
Нээлтийн хэвлэлийн бага хурал
Огноо: 2026 оны 8 дугаар сарын 17
Цаг: 13:15–14:00
Байршил: Press Conference Room
Илтгэгчид:
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад
Монгол Улсын Гадаад харилцааны сайд, COP17-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Батцэцэг;
Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчны дэд сайд, UNCCD КОП16-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Осама Факеха
Хэвлэл мэдээллийн эх сурвалж
UN WebTV – Нэгдсэн хуралдааны гол хэсгүүдийг НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр синхрон орчуулгатай шууд дамжуулна
Earth Negotiations Bulletin (өдөр тутмын мэдээ, гэрэл зураг, дүн шинжилгээ)
X, Instagram, LinkedIn болон Facebook платформ дээр @UNCCD хаягийг дагана уу.
Үндсэн хаштаг: #COP17Mongolia
Нэмэлт хаштаг: #UNCCDCOP17, #UNited4Land
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын тухай
(UNCCD) нь газрын асуудлаарх дэлхий нийтийн алсын хараа, дуу хоолой юм. Хүн төрөлхтөн болон эх дэлхийн тогтвортой ирээдүйн төлөө газрыг нөхөн сэргээж, зохистой удирдах нийтлэг зорилгын дор Засгийн газрууд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэдийг нэгтгэн ажилладаг.
197 Тал нэгдэн орсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь зөвхөн олон улсын гэрээ төдийгүй газрын доройтлын өнөөгийн нөлөөллийг бууруулах, ирээдүйд газрыг хамгаалж, зохистой ашиглах замаар хүн бүрийг хүнс, ус, орон байр, эдийн засгийн боломжоор тэгш, хүртээмжтэй хангахад чиглэсэн олон улсын хамтын үүрэг амлалт юм.
Publications
Strong, sustainable, and resilient urban-rural linkages are central to efforts to combat land degradation, reduce out-migration, and achieve other sustainable development…